
IT уулзалтын тойм
Мэдээлэл, харилцааны технологийн зах зээлийн хүрээгээр дэлхийд АНУ-ын дараа буй хоѐрт орж буй Япон улс руу сурч, ажиллахаар зорьж буй монгол IT мэргэжилтнүүдийн тоо жилээс жилд улам бүр нэмэгдэж байгаа байна. Ялангуяа 2007 онд Монгол-Япон улсын хооронд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр манай мэргэжилтнүүд Япон болон Азийн бусад орнуудад ажиллах боломжтой болсон билээ. Түүнчлэн манай зарим компаниуд Японы компаниудтай хамтран ажиллаж, аутсорсингийн бизнес эрхлэх болсон нь бид Японы зах зээлд тодорхой байр суурьтай байх тулгын чулуу болж байна.

МАЖ мэдээлэл технологийн чиглэлээр Японд сурч, ажиллаж буй залуусын танилцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг дэмжих, нэгдмэл байдлыг хангах үүднээс анхны “Япон дахь Монголчуудын IT уулзалт ”-ыг 2008 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Токио хотод зохион байгууллаа. Тус уулзалтаар нийт 34 хүн оролцож санал бодлоо хуваалцав. Уулзалтаар Keirex Technology компанид ажиллаж буй А.Алтанбилэг «Японы Мэдээллийн Технологийн бизнесийн бүтэц», USI компаний ажилтан Л.Очирхуяг «Ruby on Rails» сэдвээр илтгэл тавьсан билээ.
А.Алтанбилэг илтгэлээр Японы мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, статистик мэдээлэл, онцлог болон давуу сул талыг АНУ, Энэтхэг зэрэг орнуудтай харьцуулан тайлбарлав. Илтгэлээр Японы мэдээллийн технологийн салбар хаалттай эх дээр үндэслэж програм боловсруулдаг тогтолцоо, ажил үүргийн пирамид хуваарилалт буюу төслийн ажлыг шат дараалан хэд хэдэн компаниудад өгөх хуваарилалт зэрэг онцлогийг дурдснаас гадна Японы програм хангамжийн хөгжлийн удаан байдал, шинэ аргачлал, туршлага судлахаас хойрго байх, бүтээмж муу байх зэрэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Олон улсын зах зээлд Монгол улс юуг анхаарах, ямар дутагдал байгаа талаарх асуултад илтгэгч хариулахдаа Монголын хувьд мэргэжил мэргэшлийн чадварын хувьд тухайн хэрэглэгчид зориулсан програм бичихэд боломжтой боловч нийтэд зориулсан багц програм гаргахад хөрөнгө, хүч, хугацаа их хэрэгтэй тул одоогоор ийм нөхцөл байдал хараахан бүрдээгүй гэж дүгнээд Монгол програмистуудын ажилдаа хариуцлагатай, цаг хугацаандаа хийх талаар Япон тал шүүмжлэлтэй хандагийг тэмдэглэж хэлэв.
Л.Очирхуяг «Ruby on Rails» илтгэлээр Юкихиро Мацүмотогийн гаргаж ирсэн Ruby хэмээх програмчлалын хэл, түүнийг нээлттэй эхийн веб хэрэглээнд хэрхэн ашиглах, хэрэглэх талаар танилцуулж энгийн блог сервэр Ruby on Rails ашиглан богино хугацаанд бүтээж үзүүлсэн юм. Програмист хүний хувьд ажлын өндөр бүтээмжтэй байхын тулд ажилдаа урамтай хандах идэвхжүүлэлт хэрэгтэй. Ажилдаа сэтгэл хангалуун, баяр баясгалантай байгаа хүн ийм идэвх өдөөлттэй байна. Тэгвэл ийм сэтгэл ханамж, идэвх санаачилгатай байхад гол зэвсэг болох програмчлалын хэл «гоѐ» (beautiful code) байх чухал гэсэн үзэл санаан дээр тулгуурлан Ruby хэлийг боловсруулж гаргажээ. Ruby on Rails-ыг ашиглан олонд танил болсон Twitter, Yellow-Pages, WhiteBoard, 43Things зэрэг вебсайтууд хийгдсэн байна. Илтгэгч програмчлалын хэл хялбар амархан байх тусам програмистын хувьд ажил үр дүнтэй, хурдан байхыг тэмдэглэж, ажлын бүтээмжийг өндөрсгөхөд Ruby хэл ашиг тустай байхыг онцолж байлаа.
「Япон дахь Монголчуудын IT бүлгэмд элсэх хүсэлтэй, илтгэлтэй танилцах сонирхолтой хүмүүс mongolian-it-japan@googlegroups.com хаяг руу хандана уу.」
(2009.06.06 бэлтгэсэн Д.Маралгоо)
Жагсаалт руу буцах















