Наадам сайхан боллоо (мэдээлэл)

Та бүхэн сайхан наадамлав уу.

Монголд маань шинээр даян аварга төрсөн, морьд нь хурдан, харваачид нь мэргэн сайхан наадам боллоо. Гадаад орнуудад суудаг монголчууд ч мөн адил амьдарч буй нутаг орондоо хуран цуглаж наадацгаав.

Япон дахь монголчуудын наадам "Фүжи Наадам 2009"-ийг "Тэмүжин Монгол хотхон", "Монголчуудын Холбоо-Япон" болон Японы өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг монголчууд хамтран зохион байгуулав. Сүрлэг Фүжи уулын хормойд, байгалийн сайхан бүрдсэн Монгол хотхонд 100 гаруй нутаг нэгтнүүд маань цугларч эрийн гурван наадам, шатар даам, дуу хуур, хөгжим бүжигтэй үнэхээрийн сайхан наадацгаалаа.

 

Бямба гаригийн 11 цагт зүлэг ногоон талбай дээр бүгд цугларч есөн хөлт цагаан тугаа 3 тойрсноор наадмын нээлт эхэллээ.
Наадам Монгол сурын харваагаар эхэлж эрэгтэйд Эрхэмбаяр түрүүлж, эмэгтэйд Мөнхжаргал түрүүлэв.


Бөхийн барилдаанд хүчит 32 бөх зодоглож шөвгийн дөрөвт аймгийн арслан Дамба, аймгийн заан Ган-Өлзий, аймгийн начин Мөнххуяг, залуу бөх Тамир нар үлдэж аймгийн арслан Дамба, аймгийн начин Мөнххуяг нар учраа бөхөө давснаар үзүүр түрүүнд шалгаран үлдэв. Аргагүй хүч тэнцүү хоёр бөхийн барилдаан наадамчин олныг догдлуулсаар уран мэх, эр чадлаа гайхуулж аймгийн арслан Дамба энэ жилийн наадамд түрүүллээ.



Долоон сар гэдэг уг нь бүгчим халуун байдаг боловч энэ өдөр нар хур нь тэгшрээд хүн бүхэн сэтгэл тэнэгэр сайхан байлаа. Дээр нь хаашаа ч харсан ой мод, ногоон зүлэг, хонь мал бэлчээд, уулаар нэг уртын дуу цуурайтаад монголдоо байгаагаас ямар ч ялгаа байсангүй.

Хурдан морьны уралдаанд 14 шандаст хүлэг уралдав. 1 нас 8 сартай хамгийн бяцхан оролцогч маань морио орхиод өөрөө гүйснээр энэ жилийн баян ходоод боллоо. Хүүхдүүдийн хурдан морьны уралдаан өхөөрдөм хөөрхөн байлаа.
Шатрын тэмцээнд Ганзориг, Амарзаяа нар тэргүүлэв.

Эрийн гурван наадам өндөрлөж наадамчин олон амтат монгол хоолоо зооглон, айраг, шар айргаа сөгнөн нутаг нутгийн сонин хөөрөлдөцгөөв. Харуй бүрий болж чанга хөгжмийн аянд харц булаам охид залуус цоглог бүжгээ хийснээр энэ жилийн хөлтэй хөөртэй наадам өндөрлөлөлөө. Монголчууд маань нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой харагдаж байлаа.



Наран улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ийнхүү хийморьтой сайхан наадацгаав.


(2009.07.13 бэлтгэсэн Д.Хүдэр)

Жагсаалт руу буцах