
Холбоо байгуулагдах болсныг дэмжиж
Элчин сайдаас уламжилсан мэндчилгээ үг
Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд
Р.Жигжид
Япон оронд оршин суугаа монголчууд маань өөрсдийн үүсгэл санаачлагаар Япон дахь Монголчуудын холбоог зохион байгуулж, хүний газар бие биендээ нөмөр нөөлөг болж хамтран ажиллах чухал орон зайг бүрдүүлж байгаа явдлыг талархан дэмжиж, баяртай байгаа билээ. Тус холбооны үйл ажиллагааны чиглэлийн дотор Япон дахь монголчуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулахаар тусгагдсан нь тун сайшаалтай хэрэг юм.
Монгол Улсын Засгийн газар гадаадын улс оронд оршин суугаа өөрийн иргэдийн сурч боловсрох, ажиллах амьдрах нөхцөл бололцооны талаар ямагт анхаарал тавьсаар ирсэн бөгөөд, энэ удаагийн Эвслийн засгийн газар ч энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд С.Баяр өнгөрөгч оны 12-р сард УБ хотноо болж өнгөрсөн Элчин сайд нарын зөвлөгөөн дээр онцлон тэмдэглэж байсныг энд та бүхэнд уламжлах байна.
Япон оронд ажиллаж, сурч аж төрж буй монголчуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэхийн хирээр хоёр орны харилцаа улам бүр өргөжин тэлж, түүнийг урагшлуулан хөтлөхөд иргэд та бүхэн томоохон түлхэх хүч болж байгаа билээ. Энд сурч ажиллаж буй эх орон нэгтнүүд маань дор бүрнээ хичээн зүтгэж Японы шинжлэх ухаан технологийн ололт амжилт, үйлдвэрлэл үйлчилгээний тэргүүлэх арга барилаас шамдан суралцаж, бас нэг хэсэг нь биеийн тамир спортоор дамжуулан эх орныхоо нэр сүрийг өндөрт өргөн дуурсгаж байгааг харахад бахархалтай байдаг.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан Засгийн газар 2008-2012 оны хооронд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр дэлхий дахинаа нүүрлээд буй эдийн засаг, санхүүгийн амаргүй нөхцөл байдал дунд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Ийм амаргүй үе тулгарах тусам та бид Монгол эх орныхоо цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, эв эеийг хичээн, өөр өөрсдийн эрхэм зорилгоо нэр төртэй ханган биелүүлэхээр зорьж хөдөлмөрлөх хэрэгтэй болж байгаа бөгөөд тийнхүү ажиллах нь та бидний зүгээс эх орон ард түмнийхээ тусын тулд оруулах хувь нэмэр болох юм. Ийм хувь нэмэр оруулахыг та бүхнээс уриалах байна.
Тус Элчин сайдын яам өнөөг хүртэл өөрийн иргэдтэй аль болох ойр, нээлттэй харьцаж ажиллахыг хичээж ирсэн бөгөөд шинэ тулгар байгуулагдаад буй Монголчуудын Холбоо - Японтой ч хамтран ажиллах, яамны зүгээс бололцоот дэмжлэг туслалцааг үзүүлж байхыг хичээн ажиллах болно.
Та бүхний зорьж буй үйл хэрэгт өндөр амжилт хүсч, үйлc бүтээл арвинтай, ач буян ихтэй өнөр өтгөн хамт олон болж өргөжин хөгжиж явахыг хүсэн ерөөе!
2009 оны 1 дүгээр сар
Токио хот
Жагсаалт руу буцах















