Мэндчилгээ | Холбооны тухай | Дүрэм болон бусад | Хувийн мэдээллийн бодлого

МАЖ - Япон дахь монголчууд БИ МОНГОЛ ХҮН гэсэн нэгэн дээвэр дор нэгдэж, хамтран ажиллах талбар

2009 он 1 сар 5 өдөр
Монголчуудын холбоо - Япон
Тэргүүн У.Өлзийням


Манай хуудсанд анхаарлаа хандуулсан эрхэмсэг танд эрч хүч, аз хийморийг хүсэн ерөөж мэндчилье!

Монголчуудын Холбоо - Япон (МАЖ) хэмээх байгууллага Японд ажиллаж, сурч, амьдарч буй залуусын хөгжил дэвшлийн тухай бодол, хийж бүтээх хүсэл, эх орноо гэсэн сэтгэл зоригийн нэгэн бодит илрэл болон байгуулагдсан бөгөөд эрхэм тантай хамтран ажиллах бүхий л боломжийг эрэлхийлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Дэлхийн олон улсад амьдарч буй эх орон нэгт монголчууд маань тус тусын хуримтлуулсан эрдэм мэдлэг, туршлага чадвар, эд баялагаараа монгол орондоо багагүй хувь нэмэр оруулж байдгаар бахархахгүй байхын аргагүй. Түүний дотор дэлхийн хөгжлийн бодлогыг тодорхойлогчдын нэг болсон Япон улсад оюуны болон ур чадварын гаргуун увьдисыг олж өвөртөлсөн олон сайхан монгол хүмүүс аж төрж байгаа ч, хэн хаана юу санаж сэтгэж яваа нь төдийлүн тодорхой бус, харилцаа холбоо хамтын ажиллагаагаар дутмаг явж ирсэн нь залгамж чанар бүхий нийтийг хамарсан байгууллага өнөө хэр үгүй байсантай холбоотой гэж хэлж болно.

Ийм байгууллагын суурийг тавьж, “олны хүч оломгүй далай”-г биелэл болгож, өөр хоорондоо тустай, улс нийгэмд нэмэртэй, эргээд дурсахад дурсамжтай, эрин цагт үлдэцтэй зүйлийг хийж бүтээх цаг хугацааны боломж, мөн үүрэг хариуцлага бидэнд ноогдоод байгаа гэж ойлгож байгаа билээ.

Япон дахь монголчууд маань зузаан холбоотой байж, өөрт байгаа боломжийг эх орон, мөн аж төрж байгаа Япон улсынхаа хөгжилд өргөн ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд МАЖ хувь нэмэрээ оруулан, үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчуудын эв нэгдэл бэхжиг,
Монгол-Японы найрамдал зузааран хөгжиг!